"Дипломат байгууллагын…/МЭДЭЭ/БНСВУ-ЫН ГХЯ-НЫ ДИПЛОМАТ…

БНСВУ-ЫН ГХЯ-НЫ ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭ АЖ АХУЙ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын захирал Ё.Нямжавын урилгаар БНСВУ-ын ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуй газрын дэд захирал Хонг Тхүй Зыөнг тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 9 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийв.

Хоёр орны Дипломат үйлчилгээний байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа нь олон жилийн түүхтэй бөгөөд энэхүү айлчлалын хүрээнд тус улсуудад байгаа Элчин сайдын яамдын барилга байгууламжийн засвар, үйлчилгээний цар хүрээний мэдээлэл солилцож, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор ажилтнуудыг харилцан солилцох, дадлагажуулах чиглэлээр цаашдын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асуудлаар ярилцлаа.

Газрын захирал Ё.Нямжав албан уулзалтын үеэр хоёр улсын Дипломат үйлчилгээний байгууллагын харилцан айлчлалыг үр дүнтэй болгохын тулд бид бүхэн дарга нарыг айлчлалд хамруулахаасаа илүүтэй мэргэжилтэн, үйлчилгээний ажилтнуудаа хамруулж боловсон хүчнээ чадваржуулах чиглэлээр цаашид анхаарч ажиллах ёстойг тэмдэглэн хэллээ.

Төлөөлөгчдийн тэргүүн дэд захирал Хонг Тхүй Зыөнг нь манай улсын Дипломат үйлчилгээний байгууллагын арын албаны ажилтнуудын зохион байгуулалтын ур чадвар, авто баазын албаны авто машины хүчин чадал, жолоочийн ур чадвар үнэхээр сайн байгааг ажигласнаа дурдахын сацуу энэ тал дээр та бүхнээс суралцах ёстойг тэмдэглэн хэлэв.

Мөн дэд захирал Хонг Тхүй Зыөнг тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаяр хүлээн авч, халуун дотно яриа өрнүүлэв.

Энэхүү айлчлал нь хоёр улсын Дипломат үйлчилгээний байгууллагын найрсаг хамтын ажиллагааг улам батжуулж, харилцан туршлага судалсан үр дүнтэй айлчлал болж өндөрлөв.





ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ