“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ нь Төрийн өндөр дээд хэмжээний айлчлал болон ёслол хүндэтгэлийн хүлээн авалт, арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ мэргэжлийн тогооч, зөөгч бүхий мэргэшсэн баг хамт олон үйлчилгээний стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан, чанартай хоол үйлдвэрлэлийн цогц үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэн ажиллаж байна.
Манай хамт олон “Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж”-тай найрсаг хамтын ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2026 оны 1 дүгээр улиралд тус сургуулийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ангийн III дамжааны оюутан Б.Мөнхбат, Г.Бат-Ирээдүй нарыг Зоог, катерингийн албандаа амжилттай дадлагажууллаа.
“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын захирал Б.Халиун мэргэжлийн чиг баримжаа, ажлын байрны ур чадвар олгох сургалтад амжилттай хамрагдсан залууст тэдний ур чадвар, хичээл зүтгэл, идэвх санаачилгыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэхийн ялдамд, оюутан Б.Мөнхбат, Г.Бат-Ирээдүй нарт мэргэжлээрээ өсөж дэвжих бодит боломжийг олгож, хөдөлмөрийн гэрээг албан ёсоор байгуулан Зоог катерингийн албандаа “Туслах тогооч”-ын ажлын байранд ажиллах урилгыг гардуулав.
Тэрбээр “Залуу үеийг хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тогтвортой ажиллах боломжоор хангах нь улс орны болон хувь хүний хөгжилд маш их хувь нэмэр оруулах үйл явц юм хэмээн тодотгоод, оюутнуудад мэдлэг чадвараа тогтмол ахиулан, хариуцлагатай, сахилга баттай байж, амьдралын зөв үнэт зүйл, зөв хандлагыг өөртөө төлөвшүүлж, шинэ мянганы залуустаа үлгэр дууриал үзүүлэхийг уриаллаа.
Мөн хувь хүний эзэмшсэн мэргэжлийн онцлог нь тухайн салбарын мэдлэг, ур чадвар, ёс зүйгээр дамжуулан нийгэмд үнэ цэнэ бүтээх, хариуцлагатай үйл ажиллагаа бөгөөд энэ нь мэргэжлийн нарийн дэг жаяг, хүнлэг чанар, байнгын суралцах чадвар, ажил мэргэжилдээ эзэн болох тэвчээр хатуужлаар илрэн бусдад нөлөөлдөг танин мэдэхүйн болон бүтээлч чанарыг хослуулсан өвөрмөц үйл ажиллагаа гэдгийг цохон тэмдэглэв.
Ингээд залуу боловсон хүчнүүдийн бүтээлч сэтгэлгээ, ажил мэргэжлийн ёс зүй, манлайлах ур чадвар нь хамт олонд шинэ эрч хүч, эерэг үнэт зүйлсийг бий болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
