МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Түүхэн замнал

Түүхэн замнал

 

ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН

ТҮҮХИЙН ТОВЧООН

            1950-иад онд манай улсын гадаад харилцаа өргөжиж Улаанбаатар хотод суугаа дипломат төлөөлөгчдийн газруудын тоо өсөн нэмэгдэж байгааг харгалзан БНМАУ-ын Засгийн газраас Гадаад явдлын яамны бүтэц зохион байгуулалтыг өргөтгөж улмаар Гадаад явдлын яамны сайдын 1951 оны 45 тоот тушаалаар тус яамны протоколын хэлтэст Элчингүүдэд үйлчлэх тасгийг анх нэг орон тоотойгоор байгуулснаар өнөөгийн Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын тулгын чулуу тавигджээ.

1956 онд дээрх тасгийг Гадаад явдлын яамны Аж ахуйн хэлтэст нэгтгэж дипкорпуст аж ахуй, хүн хүчээр үйлчлэх ажлыг зөвхөн үйлчилгээний тасаг гүйцэтгэж байхаар ажил үүргийн заагийг тогтоож,  3 орон тоотой болгосон байна.

БНМАУ-ын Засгийн газрын 1959 оны 97 дугаар тогтоолоор “Элчингүүдэд үйлчлэх тасаг”-ийг дипкорпуст үйлчлэх товчоо болгон аж ахуйн тооцоонд оруулж, орлогоороо зарлагаа нөхдөг газар болгох шийдвэр гаргасан бөгөөд Засгийн газрын дээрх тогтоолыг үндэслэн Гадаад явдлын яамны сайдын 1958 оны 138 дугаар тушаалаар Тасгийг дипломат корпуст үйлчлэх товчоо болгон өөрчилж дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, жолооч, данс хөтлөгч, цэвэрлэгч гэсэн 6 орон тоотой байгуулан 155 дугаар тушаалаар дүрмийг нь баталсан байна.

Гадаад явдлын яамны сайдын 1970 оны 88 дугаар тушаалаар дипкорпуст үйлчлэх товчоог яамны Хэрэг эрхлэх газартай дахин нэгтгэж 1974 онд орон тоог нь 21 хүнээр баталсан байдаг.

БНМАУ-ын гадаад харилцаа жилээс жилд өргөжиж, яамны болон дипкорпуст үйлчлэх ажлын цар хүрээ нэмэгдэж эхэлсэн учир Гадаад явдлын яамны зохион байгуулалт, орон тоонд зарим өөрчлөлт оруулах тухай  Сайд нарын Зөвлөлийн 1977 оны 91 дүгээр тогтоол, Сайд нарын зөвлөлийн товчооны 1 дүгээр протоколыг үндэслэн Гадаад явдлын яамны Сайдын 1977 оны 72 дугаар тушаалаар Гадаад явдлын яамны Хэрэг эрхлэх газар, дипкорпуст үйлчлэх товчоог татан буулгаж Гадаад явдлын яамны дэргэд Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газрыг санхүү, үйлчилгээ аж ахуйн хэлтэс, автограж, гуанз, барилгын тасаг, даргын туслах, боловсон хүчин гэсэн 79 орон тоотой зохион байгуулж,  Гадаад явдлын яам болон тус улсаас гадаадад суугаа, гадаад орнуудаас Улаанбаатарт ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн агентлаг, тэдгээрийн ажилтнуудад үйлчлэх үйлчилгээг нэгтгэн зангидсан нь Гадаад явдлын яамны системд санхүү, аж ахуй үйлчилгээний нэгдсэн бодлого явуулж хэрэгжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ болсон байна.

Сайд нарын зөвлөлийн 1977 оны 277 дугаар тогтоолоор ДБҮААГазарт барилга засварын тасаг байгуулж  ажиллуулахыг Гадаад явдлын яаманд зөвшөөрөн 1977 онд 15 орон тоотой байгуулжээ.

1990-ээд оны эхэн үед ДБҮААГазар нь яамны төв аппарат хилийн чанд дахь Монгол улсын ДТГ-ын санхүүжилт төсвийг хуваарилах, Улаанбаатар дахь гадаад орнуудын ДТГ-ыг орон байр, техник, үйлчилгээний боловсон хүчнээр хангаж үйлчлэх чиглэлтэй захиргаа, санхүү, барилга засвар, автограж, туслах аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нийцсэн бүтэцтэй байв.

ДБҮААГазрын хөрөнгөөр 1992 онд яамны ажилтнуудад зориулсан 33 айлын, гадаадын дипломатуудад зориулсан 95 айлын орон сууцыг тус тус барьж Улаан-Үдэд суугаа ЕКГ-ын барилгыг 1990-ээд оны дундуур ашиглалтад оруулжээ.

Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд өнөөгийн НҮБ-ын 5031 мкв байр, 2014 онд БНАСАУ-ын ЭСЯ-ны 2556 мкв байрыг тус тус ашиглалтад оруулсан бөгөөд  2012 онд ГХЯ-ны албан хаагчдын 36 айлын орон сууц, ДБҮЭГ-ын ажилчдын 24 айлын орон сууцыг хөнгөлөлттэй үнээр бариулсан байна. Мөн сүүлийн 10 жилд өөрийн эзэмшлийн барилга байгууламж болоод дулааны шугам сүлжээний 90 хувьд нь их засварын ажлыг хийлгэсэн байна.

1990–ээд онд манай улс ардчилал, зах зээлийн шинэ тогтолцоонд шилжсэнээр гадаад харилцаа улам өргөжиж, Монгол Улс дах гадаадын Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагуудын тоо тэр хирээр нэмэгдэж Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 139 дүгээр тогтоолоор ДБҮААГазрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гадаад харилцааны яамны ДБҮААГазар болгож эрх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэн, Гадаад хэргийн сайдын 2000 оны 72 дугаар тушаалаар агентлагийн бүтэц зохион байгуулалт, орон тоо, ажиллах дүрмийг баталж, эрхлэх ажлын чиг үүргийг тодотгон тодорхойлж өгсөн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 46 дугаар тогтоолоор “Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар” Улсын төсөвт үйлдвэрийн газар, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолоор “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулсан билээ.

Энэхүү түүхэн хугацаанд “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь “Дипломат” зочид буудал, Чин Ван Ханддоржийн өргөө цогцолбор, БНАСАУ-ын ЭСЯ, БНСВУ-ын ЭСЯ, АНУ-ын ЭСЯ, БНФУ-ын ЭСЯ-ны байр зэрэг өөрийн эзэмшлийн нийт 16 байртай, 170 орчим ажилчидтай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Улаанбаатар хотод суугаа элчин сайдын яамдад чанар, аюулгүй байдлын бүхий л нөхцөлийг хангасан нийтлэг үйлчилгээг үзүүлэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Бүтэц, зохион байгуулалт:

ДБҮЭГ нь Захиргааны хэлтэс, Санхүү, эдийн засгийн хэлтэс, Үйлчилгээ ашиглалтын хэлтэс гэсэн үндсэн зохион байгуулалттайгаар ажил үүргээ явуулж байна.

– Захиргааны хэлтэс

Байгууллагын үйл ажиллагааны стратеги зорилтын хүрээнд захиргаа, удирдлагын болон хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийг боловсронгуй болгох,  Монгол Улсын хууль тогтоомж, журмын дагуу захирлын тушаал шийдвэрийн гүйцэтгэлийг зохион байгуулж, хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий хэлтэс юм. Тус хэлтэст Үл хөдлөх хөрөнгө ашиглалт, маркетингийн алба болон харуул, хамгаалалтын алба харьяалагдан ажиллаж байна.

Маркетингийн алба: Байгууллагын маркетингийн стратеги бодлого, урт, дунд болон богино хугацааны төлөвлөлт /бизнес төлөвлөгөө/-ийг хийх, хэрэгжилтийг хангах, байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээг тэлэх,  хамтын ажиллагаатай байгууллагуудын харилцааг бэхжүүлэх, ашиг орлогыг нэмэгдүүлэх болон байгууллагын үл хөдлөх хөрөнгө, түүний ашиглалтад хяналт тавьж ажилладаг.

Харуул хамгаалалтын алба: Тус байгууллага нь Дипломат төлөөлөгчийн газруудад үйлчилгээ үзүүлдэг тул олон улсын эрх зүйн актад тусгагдсан чиг үүргийн хүрээнд  обьектын бүрэн бүтэн байдал, тэдний ажиллах орчин нөхцөлийн аюулгүй ажиллагааг хуулийн хүрээнд сахин хамгаалах үүрэгтэй.

Санхүү, эдийн засгийн хэлтэс

Байгууллагын санхүү, эдийн засгийн бодлогыг тодорхойлж, санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлэх, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих чиг үүрэгтэй. Байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлэх, үргүй зардлын хэмжээг бууруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах, байгууллагын ашигт ажиллагааг дээшлүүлэхэд чиглэн тооцоо судалгааг тухай бүр хийж, ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхэд санал санаачлагатай ажилладаг.

Үйлчилгээ, ашиглалтын хэлтэс

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудад барилгын засвар тохижилт, ёслол хүндэтгэл, автомашин, зоогийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу үйлчлэх үүрэг хүлээсэн хэлтэс бөгөөд автобааз, засвар үйлчилгээ, зоог катеринг, тохижилт үйлчилгээ гэсэн 4 албатай.

Автобааз: ДБҮЭГ-ын автобаазын түүх нь Монгол Улсын орчин цагийн Дипломат албаны түүхтэй салшгүй холбоотой. 1934 онд ГХЯ-нд үйлчлэх нэг автомашин, нэг жолоочтойгоор анх үүсч байсан автограж өргөжин тэлсээр 1970 онд одоогийн автобаазын хэмжээнд хүрч, 40 автомашин 40 гаруй ажилтан албан хаагчидтай болж үйл ажиллагаа нь өргөжин тэлжээ.

Тус автограж нь 1977 онд ДБҮААГ-ын харьяанд орж, ажил үйлчилгээний чиглэл, тээврийн хэрэгслийн тоо, ажлын чанар, ажил эрхэлж буй ажлын онцлог зэргээс шалтгаалан Автобааз болон эмхлэн байгуулагдсан бөгөөд өдгөө автобаазын дарга, механик, диспетчер, нярав-жолооч, засварчин, жолооч зэрэг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, 50-иад автомашинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Төрийн дээд хэмжээний айлчлал, хавсран суугаа Элчин сайдууд итгэмжлэх жуух бичиг барих ёслол, НҮБ-ын төлөөөлөгчийн газрууд, Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага манай улсад айлчилж буй албан ёсны төрийн өндөр дээд хэмжээний айлчлалуудад тогтмол үйлчилж байна.

Зоог, катерингийн алба: Төрийн дээд хэмжээний ёслолын үйл ажиллагааны зоогийн үйлчилгээг хариуцан ажиллахдаа Монгол Улсад мөрдөгдөж буй хүнсний аюулгүй байдал,чанар стандартын шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлж ажилладаг.

Тохижилт, үйлчилгээний алба: Гадаад харилцааны яам, түүний харьяа газар, барилга байгууламж болон гэрээт олон улсын байгууллагуудын үйлчилгээний танхимын өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, ариун цэвэр, эмх цэгц, дэг журмыг сахин ажилладаг.

Засвар үйлчилгээний алба: Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах үүргийн хүрээнд захиалгын дагуу сантехник, цахилгаан, ус хангамжийн төхөөрөмжийн засвар болон барилгын засварын ажил зүйлчилгээг үзүүлдэг.

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.