Бидний тухай
Түүхэн замнал
1950 он
Манай улсын гадаад харилцаа өргөжиж Улаанбаатар хотод суугаа дипломат төлөөлөгчдийн газруудын тоо өсөн нэмэгдэж байгааг харгалзан БНМАУ-ын Засгийн газраас Гадаад явдлын яамны бүтэц зохион байгуулалтыг өргөтгөж улмаар Гадаад явдлын яамны сайдын 1951 оны 45 тоот тушаалаар тус яамны протоколын хэлтэст Элчинүүдэд үйлчлэх тасгийг анх нэг орон тоотойгоор байгуулснаар өнөөгийн Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын тулгын чулуу тавигджээ.
1956 он
Дээрх тасгийг Гадаад явдлын яамны Аж ахуйн хэлтэст нэгтгэж дипкорпуст аж ахуй, хүн хүчээр үйлчлэх ажлыг зөвхөн үйлчилгээний тасаг гүйцэтгэж байхаар ажил үүргийн заагийг тогтоож, 3 орон тоотой болгосон байна.
1959 он
БНМАУ-ын Засгийн газрын 1959 оны 97 дугаар тогтоолоор “Элчинүүдэд үйлчлэх тасаг”-ийг дипкорпуст үйлчлэх товчоо болгон аж ахуйн тооцоонд оруулж, орлогоороо зарлагаа нөхдөг газар болгох шийдвэр гаргасан бөгөөд Засгийн газрын дээрх тогтоолыг үндэслэн Гадаад явдлын яамны сайдын 1958 оны 138 дугаар тушаалаар Тасгийг дипломат корпуст үйлчлэх товчоо болгон өөрчилж дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, жолооч, данс хөтлөгч, цэвэрлэгч гэсэн 6 орон тоотой байгуулан 155 дугаар тушаалаар дүрмийг нь баталсан байна.
1970 он
Гадаад явдлын яамны сайдын 1970 оны 88 дугаар тушаалаар дипкорпуст үйлчлэх товчоог яамны Хэрэг эрхлэх газартай дахин нэгтгэж 1974 онд орон тоог нь 21 хүнээр баталсан байдаг.
1977 он
БНМАУ-ын гадаад харилцаа жилээс жилд өргөжиж, яамны болон дипкорпуст үйлчлэх ажлын цар хүрээ нэмэгдэж эхэлсэн учир Гадаад явдлын яамны зохион байгуулалт, орон тоонд зарим өөрчлөлт оруулах тухай Сайд нарын Зөвлөлийн 1977 оны 91 дүгээр тогтоол, Сайд нарын зөвлөлийн товчооны 1 дүгээр протоколыг үндэслэн Гадаад явдлын яамны Сайдын 1977 оны 72 дугаар тушаалаар Гадаад явдлын яамны Хэрэг эрхлэх газар, дипкорпуст үйлчлэх товчоог татан буулгаж Гадаад явдлын яамны дэргэд Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газрыг санхүү, үйлчилгээ аж ахуйн хэлтэс, автогараж, гуанз, барилгын тасаг, даргын туслах, боловсон хүчин гэсэн 79 орон тоотой зохион байгуулж, Гадаад явдлын яам болон тус улсаас гадаадад суугаа, гадаад орнуудаас Улаанбаатарт ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн агентлаг, тэдгээрийн ажилтнуудад үйлчлэх үйлчилгээг нэгтгэн зангидсан нь Гадаад явдлын яамны системд санхүү, аж ахуй үйлчилгээний нэгдсэн бодлого явуулж хэрэгжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ болсон байна.
1977 он
Сайд нарын зөвлөлийн 1977 оны 277 дугаар тогтоолоор ДБУАГазарт барилга засварын тасаг байгуулж ажиллуулахыг Гадаад явдлын яаманд зөвшөөрөн 1977 онд 15 орон тоотой байгуулжээ.
1990 он
1990-ээд оны эхэн үед ДБУАГазар нь яамны төв аппарат хилийн чанад дахь Монгол улсын ДТГ-ын санхүүжилт төсвийг хуваарилах, Улаанбаатар дахь гадаад орнуудын ДТГ-ыг орон байр, техник, үйлчилгээний боловсон хүчнээр хангаж үйлчлэх чиглэлтэй захиргаа, санхүү, барилга засвар, автогараж, туслах аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нийцсэн бүтэцтэй байв.
1990 он
1990-ээд онд манай улс ардчилал, зах зээлийн шинэ тогтолцоонд шилжсэнээр гадаад харилцаа улам өргөжиж, Монгол Улс дахь гадаадын Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагуудын тоо тэр хэрээр нэмэгдэж Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 139 дүгээр тогтоолоор ДБУАГазрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гадаад харилцааны яамны ДБУАГазар болгож эрх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэн, Гадаад хэргийн сайдын 2000 оны 72 дугаар тушаалаар агентлагийн бүтэц зохион байгуулалт, орон тоо, ажиллах дүрмийг баталж, эрхлэх ажлын чиг үүргийг тодотгон тодорхойлж өгсөн байна.
1992 он
ДБУАГазрын хөрөнгөөр 1992 онд яамны ажилтнуудад зориулсан 33 айлын, гадаадын дипломатуудад зориулсан 95 айлын орон сууцыг тус тус барьж Улаан-Үдэд суугаа ЕКГ-ын барилгыг 1990-ээд оны дундуур ашиглалтад оруулжээ.
2012 он
Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд өнөөгийн НҮБ-ын 5031 мкв байр, 2014 онд БНАСАУ-ын ЭСЯ-ны 2556 мкв байрыг тус тус ашиглалтад оруулсан бөгөөд 2012 онд ГХЯ-ны албан хаагчдын 36 айлын орон сууц, ДБҮЭГ-ын ажилчдын 24 айлын орон сууцыг хөнгөлөлттэй үнээр бариулсан байна. Мөн сүүлийн 10 жилд өөрийн эзэмшлийн барилга байгууламж болоод дулааны шугам сүлжээний 90 хувьд нь их засварын ажлыг хийлгэсэн байна.
2020 он
Энэхүү түүхэн хугацаанд “Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь “Дипломат” зочид буудал, Чин Ван Ханддоржийн өргөө цогцолбор, БНАСАУ-ын ЭСЯ, БНСВУ-ын ЭСЯ, АНУ-ын ЭСЯ, БНФУ-ын ЭСЯ-ны байр зэрэг өөрийн эзэмшлийн нийт 16 байртай, 170 орчим ажилчидтай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Улаанбаатар хотод суугаа элчин сайдын яамдад чанар, аюулгүй байдлын бүхий л нөхцөлийг хангасан нийтлэг үйлчилгээг үзүүлэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.