2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 16:00 цагт “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын 1 дүгээр давхрын хурлын танхимд албан хаагчдад зориулсан “Санхүүгийн мэдлэг олгох нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн хүрээнд Голомт банкны төлөөлөл оролцож, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ, зээл, хадгаламж, мөн loyalty (хөнгөлөлтийн) хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, мэдээлэл өглөө.
Арга хэмжээний дараа байгууллагын албан хаагчид Голомт банктай холбоотой нэмэлт мэдээлэл авч, сонирхсон асуултад хариулт авсан бөгөөд Санхүү, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн нягтлан бодогчдоос цалин болон холбогдох санхүүгийн мэдээлэлтэй холбоотой асуултаа тодруулж, шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл авлаа.
Энэхүү өдөрлөг нь албан хаагчдын санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү ойлгомжтой байдлаар хүргэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Манай хамт олон “Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж”-тай найрсаг хамтын ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2026 оны 1 дүгээр улиралд тус сургуулийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ангийн III дамжааны оюутан Б.Мөнхбат, Г.Бат-Ирээдүй нарыг Зоог, катерингийн албандаа амжилттай дадлагажууллаа.
“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын захирал Б.Халиун мэргэжлийн чиг баримжаа, ажлын байрны ур чадвар олгох сургалтад амжилттай хамрагдсан залууст тэдний ур чадвар, хичээл зүтгэл, идэвх санаачилгыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэхийн ялдамд, оюутан Б.Мөнхбат, Г.Бат-Ирээдүй нарт мэргэжлээрээ өсөж дэвжих бодит боломжийг олгож, хөдөлмөрийн гэрээг албан ёсоор байгуулан Зоог катерингийн албандаа “Туслах тогооч”-ын ажлын байранд ажиллах урилгыг гардуулав.
Тэрбээр “Залуу үеийг хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тогтвортой ажиллах боломжоор хангах нь улс орны болон хувь хүний хөгжилд маш их хувь нэмэр оруулах үйл явц юм хэмээн тодотгоод, оюутнуудад мэдлэг чадвараа тогтмол ахиулан, хариуцлагатай, сахилга баттай байж, амьдралын зөв үнэт зүйл, зөв хандлагыг өөртөө төлөвшүүлж, шинэ мянганы залуустаа үлгэр дууриал үзүүлэхийг уриаллаа.
Мөн хувь хүний эзэмшсэн мэргэжлийн онцлог нь тухайн салбарын мэдлэг, ур чадвар, ёс зүйгээр дамжуулан нийгэмд үнэ цэнэ бүтээх, хариуцлагатай үйл ажиллагаа бөгөөд энэ нь мэргэжлийн нарийн дэг жаяг, хүнлэг чанар, байнгын суралцах чадвар, ажил мэргэжилдээ эзэн болох тэвчээр хатуужлаар илрэн бусдад нөлөөлдөг танин мэдэхүйн болон бүтээлч чанарыг хослуулсан өвөрмөц үйл ажиллагаа гэдгийг цохон тэмдэглэв.
Ингээд залуу боловсон хүчнүүдийн бүтээлч сэтгэлгээ, ажил мэргэжлийн ёс зүй, манлайлах ур чадвар нь хамт олонд шинэ эрч хүч, эерэг үнэт зүйлсийг бий болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
