Бүтэц, зохион байгуулалт:

ДБҮЭГ нь Захиргааны хэлтэс, Санхүү, эдийн засгийн хэлтэс, Үйлчилгээ ашиглалтын хэлтэс гэсэн үндсэн зохион байгуулалттайгаар ажил үүргээ явуулж байна.

Захиргааны хэлтэс

Байгууллагын үйл ажиллагааны стратеги зорилтын хүрээнд захиргаа, удирдлагын болон хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийг боловсронгуй болгох,  Монгол Улсын хууль тогтоомж, журмын дагуу захирлын тушаал шийдвэрийн гүйцэтгэлийг зохион байгуулж, хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий хэлтэс юм. Тус хэлтэст Үл хөдлөх хөрөнгө ашиглалт, маркетингийн алба болон харуул, хамгаалалтын алба харьяалагдан ажиллаж байна.

Маркетингийн алба: Байгууллагын маркетингийн стратеги бодлого, урт, дунд болон богино хугацааны төлөвлөлт /бизнес төлөвлөгөө/-ийг хийх, хэрэгжилтийг хангах, байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээг тэлэх,  хамтын ажиллагаатай байгууллагуудын харилцааг бэхжүүлэх, ашиг орлогыг нэмэгдүүлэх болон байгууллагын үл хөдлөх хөрөнгө, түүний ашиглалтад хяналт тавьж ажилладаг.

Харуул хамгаалалтын алба: Тус байгууллага нь Дипломат төлөөлөгчийн газруудад үйлчилгээ үзүүлдэг тул олон улсын эрх зүйн актад тусгагдсан чиг үүргийн хүрээнд  обьектын бүрэн бүтэн байдал, тэдний ажиллах орчин нөхцөлийн аюулгүй ажиллагааг хуулийн хүрээнд сахин хамгаалах үүрэгтэй.

Санхүү, эдийн засгийн хэлтэс

Байгууллагын санхүү, эдийн засгийн бодлогыг тодорхойлж, санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлэх, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих чиг үүрэгтэй. Байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлэх, үргүй зардлын хэмжээг бууруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах, байгууллагын ашигт ажиллагааг дээшлүүлэхэд чиглэн тооцоо судалгааг тухай бүр хийж, ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхэд санал санаачлагатай ажилладаг.

Үйлчилгээ, ашиглалтын хэлтэс

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудад барилгын засвар тохижилт, ёслол хүндэтгэл, автомашин, зоогийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу үйлчлэх үүрэг хүлээсэн хэлтэс бөгөөд автобааз, засвар үйлчилгээ, зоог катеринг, тохижилт үйлчилгээ гэсэн 4 албатай.

Автобааз: ДБҮЭГ-ын автобаазын түүх нь Монгол Улсын орчин цагийн Дипломат албаны түүхтэй салшгүй холбоотой. 1934 онд ГХЯ-нд үйлчлэх нэг автомашин, нэг жолоочтойгоор анх үүсч байсан автограж өргөжин тэлсээр 1970 онд одоогийн автобаазын хэмжээнд хүрч, 40 автомашин 40 гаруй ажилтан албан хаагчидтай болж үйл ажиллагаа нь өргөжин тэлжээ.

Тус автограж нь 1977 онд ДБҮААГ-ын харьяанд орж, ажил үйлчилгээний чиглэл, тээврийн хэрэгслийн тоо, ажлын чанар, ажил эрхэлж буй ажлын онцлог зэргээс шалтгаалан Автобааз болон эмхлэн байгуулагдсан бөгөөд өдгөө автобаазын дарга, механик, диспетчер, нярав-жолооч, засварчин, жолооч зэрэг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, 50-иад автомашинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Төрийн дээд хэмжээний айлчлал, хавсран суугаа Элчин сайдууд итгэмжлэх жуух бичиг барих ёслол, НҮБ-ын төлөөөлөгчийн газрууд, Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага манай улсад айлчилж буй албан ёсны төрийн өндөр дээд хэмжээний айлчлалуудад тогтмол үйлчилж байна.

Зоог, катерингийн алба: Төрийн дээд хэмжээний ёслолын үйл ажиллагааны зоогийн үйлчилгээг хариуцан ажиллахдаа Монгол Улсад мөрдөгдөж буй хүнсний аюулгүй байдал,чанар стандартын шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлж ажилладаг.

Тохижилт, үйлчилгээний алба: Гадаад харилцааны яам, түүний харьяа газар, барилга байгууламж болон гэрээт олон улсын байгууллагуудын үйлчилгээний танхимын өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, ариун цэвэр, эмх цэгц, дэг журмыг сахин ажилладаг.

Засвар үйлчилгээний алба: Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах үүргийн хүрээнд захиалгын дагуу сантехник, цахилгаан, ус хангамжийн төхөөрөмжийн засвар болон барилгын засварын ажил зүйлчилгээг үзүүлдэг.